Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ

Эх сурвалж : www.news.caak.mn

Нийтлэгдсэн : 2018.10.10

Ганцхан сарын хугацаанд долларын төгрөгтэй харьцах ханш 100 төгрөгөөр өсч түүхэндээ хамгийн өндөр буюу 2572 төгрөгт хүрлээ.

Валютын ханшийн савлагаанаас шалтгаалан бараа, үйлчилгээний үнэ тогтож ирсэн манай улсын эдийн засагт долларын ханшийн тогтвортой байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг.

Гэтэл төгрөгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй Төв банк долларын ханшийн өсөлтийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Төв банкнаас ам.долларын өсөлтийг улирлын шинжтэй, богино хугацааны үзэгдэл гэдгийг тодотгоод, одоогоор интервенц хийх замаар өсөлтийг ажиглах байдалтай байна. Хэрвээ долларын ханш өссөөр байвал Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдаж, бодлогын арга хэмжээ авах шийдвэр гаргах боломжтой гэж мэдэгдсэн юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ талаар  “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг он гарснаас хойш 3.9 хувиар суларсан нь бусад улсуудтай харьцуулахад тогтвортой үзүүлэлт” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр долларын ханш өссөн шигээ буурсан үзүүлэлтгүй байна.

Монголбанкин дахь гадаад валютын нөөц 3 тэрбум долларт хүрсэн ч зах зээлд доллар нийлүүлэхгүй байгаа нь “Найман шарга” захад долларын хомсдол бий болох, цаашлаад үнэ өсөхөд хүргэж байна гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Мөн дөрвөн тэрбум ам.долларын зэс нүүрсний олборлолт хийчихсэн, 800 сая ам.долларын 22 тонн алтаа оруулж ирсэн, ОУВС-гаас 600-гаад сая ам.доллар орж ирнэ гэх мэт бүх сувгаар гадаад валют орж ирж буй энэ үед ам.долларын ханш хяналтгүй өсч байгаа нь Засгийн газар, Монголбанк ажлаа хийхгүй байгаатай холбоотой гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх долларын ханшийн өсөлт зах зээлийн зарчмаараа зохицуулагдана. Зөнд нь орхино гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь олон нийтийг гайхшруулж байна. Аль ч улс валютын ханшийг зохицуулах бодлоготой, түүнийг нь хэрэгжүүлдэг Төв банктай байдаг. Гэтэл манай Засгийн газар валютын ханшийн өсөлтийг эдийн засагт нь найдаад зөнд нь орхи гэх мэдэгдлийг хийж буй нь мөн л хариуцлагагүйн илрэл юм. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл цаашид долларын ханшийг өсгөх сууриа бэлдэж байна уу даа гэх хардлага төрүүлж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын дээрх хариуцлагагүй үйлдэл нь Тэдэнд хариуцлага тооцох хангалттай үндэслэл гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байна.

Тухайлбал, УИХ дахь сөрөг хүчний зүгээс ам долларын өсөлтийг хазаарлаж чадахгүй Монголбанк, Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж мэдэгдлээ. Тэд “Сангийн сайдтай хариуцлага ярина. Ам долларын өсөлтөөс болж бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Энэ нь иргэдэд дарамт учруулж байна. Гэтэл Засгийн газар долларын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өгч чадахгүй байгаа нь дэндүү хариуцлагагүйн илрэл.

Валютын ханшийн өсөлттэй холбоотой асуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч Монголбанк, Сангийн яамнаас хариултаа бэлдээгүй гэх шалтгаанаар хойшлууллаа. Хэрвээ Засгийн газар, Монголбанк  асуулгад тодорхой хариулт өгч чадахгүй, үнэ цаашид өссөөр байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр аргагүй. Сөрөг хүчний хувьд тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэж мэдэгдсэн.

Мөн тус бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүн хариуцлагагүй ажиллаж буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд эхлээд хариуцлага тооцох ёстой гэсэн санал гаргасан аж. Ер нь ганц Ардчилсан намын бүлэгт ч бус УИХ-ын хэд хэдэн гишүүн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай хариуцлага ярьж, огцруулах шаардлагыг тавих асуудлыг хөндөж эхэлсэн байна. Уг асуудал нэлээн өндрөө авна гэж  эх сурвалж мэдээллээ.

Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тийм учраас УИХ-ын нэр бүхий нэг гишүүн Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах санал гаргахад УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн заалттай аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар,  Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг төгрөгийн тогтвортой байдлыг хангах ажлаа хийж чадахгүй, долларын ханшийг нэг сарын дотор 100 төгрөгөөр өсгөсөн нь түүнийг огцруулах хангалттай үндэслэл мөн гэж үзэж байгаа аж. Тиймээс огцруулах санал гаргах нь зүйтэй гэдэгт зарим УИХ-ын гишүүн санал нэгдсэн байна. Улмаар түүнийг огцруулах асуудлыг удахгүй ил болгох мэдээлэл байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Д. Мөнхцацрал -ийн

С. Отгонбат -ийн

Ц. Ариун -ийн

О. Мөнхгэрэл -ийн

Н. Урнаа -ийн

Б. Содбайгаль -ийн

Ж. Бадамдорж -ийн

Ц. Мөнхсайхан -ийн

Б. Одсүрэн -ийн

Ц. Чанцал -ийн