Шинжлэх ухааны салбарт хамгийн багадаа ДНБ-ийхээ НЭГ хувийг зарцуулдаг болъё

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2017.11.20

Манай улс жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногийг шинжлэх ухааны ажилтны өдөр болгон тэмдэглэдэг. Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан “Шинжлэх ухаан, технологи, инноваци- 2017” сэдэвт эрдэмтдийн бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн арваннэгдүгээр  сарын 22, 23-нд Уран зургийн галерейд болно. Мөн шинжлэх ухааны ажилтнуудын баярын хурал энэ сарын 24-ний өдөр болсноор шинжлэх ухааны салбарын ажилтнуудад зориулсан арга хэмжээ өндөрлөх юм. 

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэтэй шинжлэх ухааны салбарын ажилтнуудын өдөрт зориулсан арга хэмжээ болоод төрөөс шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийн талаар ярилцлаа. 

-Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын өдөрт зориулж ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ? 
-Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Гэвч бид арваннэгдүгээр сарыг шинжлэх ухааны салбарын ажилтны сар болгоод олон үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн. Энэ арга хэмжээ уламжлалын дагуу явагдаж, эрдэм шинжилгээний байгууллагууд үзэсгэлэн гаргах, үйл ажиллагаагаа сурталчлах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгууллаа. Манай салбарт эрдэм шинжилгээний 24 хүрээлэн байдаг. Үүнээс 10 нь ШУА-ийн харьяанд, бусад нь яамд, их сургуулиуд болон бусад газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг.

Жишээ нь, ХААИС-ийн харьяанд хөдөө аж ахуйн дөрвөн том хүрээлэн бий. МАА-н хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгаалах хүрээлэн, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн ажилладаг. МУИС-ийн дэргэд Математикийн хүрээлэн, Цөмийн шинжилгээний төв гэж байгууллага бий. ШУТИС-ийн харьяанд Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Уул уурхайн хүрээлэн байна. АШУҮИС-ийн дэргэд Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл мэндийн яамны харьяанд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байдаг.

Шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий нэг хувь хүрч байж нийгэмдээ мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлдэг гэсэн олон улсын тооцоолол байдаг. 

Манай яамны харьяанд Боловсролын хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн гэж бий. Мөн улсын төсвөөс санхүүждэггүй бие даан үйл ажиллагаа явуулдаг хүрээлэнгүүд ч бий. Хувийн салбараас “Монос”-ын Эм судлалын хүрээлэн, “Тайж” группийн САМО эрдэм шинжилгээний хүрээлэн байна. “Монхимо”-гийн Шинжлэх ухаан технологийн төв эрдэм шинжилгээний ажлыг сайн хийж гүйцэтгэж байна. Ийм хүрээлэнгүүд манай үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Төрийн өмчийн том их сургуулиуд эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог. Тэгэхээр энэ салбарт 3000 орчим хүн эрдэм шинжилгээний ажилд оролцож байна.

-Энэ салбарт ажиллаж байгаа хүний тоо санаснаас ч олон юм. Энэ эрдэмтэд маань хэр зэрэг идэвхтэй ажиллаж байна вэ? 
-Бид жилд 500-гаад төсөл хэрэгжүүлдэг. Төрөөс шинжлэх ухааны салбарын ажилтны эрдэм шинжилгээний ажлын зардалд 30 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 20 тэрбумыг цалин, нийгмийн даатгалын шимтгэлд өгнө. Үлдсэн 10 тэрбум төгрөгөөр дээрх 500 төслийг санхүүжүүлдэг. 

Эдгээр төслийн ач холбогдол,  хамрах цар хүрээнээс хамаарч  санхүүжилтийг их, бага хэмжээгээр харилцан адилгүй олгодог. Энд хэрэгжүүлж байгаа төслүүд дунд эрдэмтдийн чөлөөтэй сэтгэж судалдаг эрдэм шинжилгээний төслүүд байхаас гадна дийлэнх нь улсын захиалгаар хийж буй судалгааны ажлууд байдаг. Манай яаманд ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яам, БОАЖЯ шинжлэх ухаан, технологийн төслүүдийн захиалга хамгийн олноор ирүүлдэг.

-Ирсэн төслүүдийг яаж сонгон шалгаруулдаг вэ? 
-Манай яаманд Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах салбар зөвлөл гэж бий. Салбар зөвлөлд ШУ, технологийн бодлогын газрын дарга би, яамны Инновацийн хэлтсийн дарга, улсын зургаан том их сургуулийн Эрдэм шинжилгээний асуудал хариуцсан проректорууд зэрэг 11  хүний үндсэн бүрэлдэхүүнтэй комисс ажилладаг. Төсөл сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах Засгийн газрын 2014  оны 301-р тогтоолоор батлагдсан Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам бий.

Энэ журамд өмнө нь төсөл авчихаад тайлангаа ирүүлээгүй бол дахин төсөл авахгүй гэх мэт хоригууд байдаг. Төслийн явцад бид мониторинг хийж байна. Түүнээс гадна докторын зэрэг дөнгөж хамгаалсан залуу эрдэмтдэд зориулсан 10 сая төгрөгийн, хоёр жил хэрэгжүүлэх төслийн санхүүжилт олгож байна. Мөн эрдмийн зэрэг цолгүй  залуучуудад зориулсан эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулахад зориулж, шинжлэх ухааны долоон салбараас хоёр, хоёр шилдэг залуу судлаачид олгодог тус бүрт нь дөрвөн сая төгрөгийн санхүүжилттай Хүрэлтогоотын гэж нэрлэгддэг төсөл бас бий.

 

 

 



-Гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны ажил хийдэг үү?
-Оростой хамтарсан хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. БНСУ, Тайвань, Хятад, Беларусь, Вьетнамтай хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа.

Израйль 8 сая хүнтэй жижиг орон хэр нь шинжлэх ухааны салбарт жилдээ 11-12 тэрбум ам.доллар зарцуулж, тэр хэрээр улс орон нь хөгжин цэцэглэж байна. 

-Эрдэмтдийн энэ олон судалгааны ажлын үр дүнг амьдралд нэвтрүүлэх тал дээр хэр зэрэг анхаарах тавьж байна вэ? 
-Засгийн газрын тогтоолоор БСШУСЯ-ны дэргэд Шинжлэх ухааны паркийн захиргааг байгуулсан. Энэ нь эрдэмтдийн бий болгосон шинэ мэдлэгийг мөн түүнчлэн гадаадын өндөр хөгжилтэй орны өндөр технологийг нутагшуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг газар юм. Ийм парк манай эрдэмтдийн бий болгосон шинэ технологийг, мэдлэгийг үйлдвэр үйлчилгээнд нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох юм. Бид энэ жил шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр нэлээд судалгаа хийсэн. Ийм шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр Хятад улссайн ажиллаж байна.

Манай яамны Инновацийн хэлтэс энэ асуудал дээр голлох оролцоотой ажилладаг. Бид мөн хууль эрхзүйн баримт бичгүүдээ боловсронгуй болгохоор ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн тухай хууль, ШУА-ийн эрхзүйн байдлын тухай хууль, Инновацийн бодлогын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд УИХ-ын гишүүн, НББСШУБ хорооны дарга  Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Манай яаманд ч ажлын хэсэг байгуулаад дээр дурьдсан ажлын хэсэгт туслан ажиллаж байгаа. Төрөөс Шинжлэх ухааны талаар баримтлах бодлогыг Засгийн газраас саяхан боловсруулж, батлуулсан.

-Шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс ямар зүйлд анхаарал тавихаар уг бодлогод тусгасан бол?
-Энэ жил төрөөс Шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичигт шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажлыг явуулах бүхий л бололцоо нөхцөлөөр хангаж өгөхөөр тусгасан.  Анхны баримт бичиг 20-иод жилийн өмнө батлагдсан бөгөөд тэр үед манай улс шинжлэх ухааны чадавхиа хадгалж үлдэх зорилго тавьж байсан бол өнөөдөр энэ баримт бичигт  шинжлэх ухааны цаашдын хөгжил, дэвшлийн тухай том зорилго тавилаа.

Ийм учраас шинжлэх ухааны байгууллагуудаа бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдынхаа тоог олшруулах шаардлагатай байна. Манай улсын нэг сая хүнд эрдэм шинжилгээний 500 ажилтан ажилладаг. Америкт 4600-гаад, Японд 5500 гаруй хүн шинжлэх ухааны салбарт ажиллаж байна.

-Шинжлэх ухааны салбарт төрөөс өгч байгаа төсөв нь маш бага гэж эрдэмтэд шүүмжилсээр ирсэн шүү дээ. Энэ байдал дээрдсэн болов уу?
-Тийм ээ. Шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий нэг хувь хүрч байж нийгэмдээ мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлдэг гэсэн олон улсын тооцоолол байдаг юм. Манай улс шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийхээ 0.12 хувийг зарцуулж байна. Энэ санхүүжилтээ дор хаяж нэг хувьд хүргэвэл улс орны хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Европын холбоо шинжлэх ухааны зардлаа ДНБ-ийхээ хоёр хувьд хүргэгэдэг.  

Дараа нь Хятад, Япон, Герман, БНСУ гээд эрэмбэлэгдэж байна л даа. Санхүүжилт муу бол шинжлэх ухаан сайн хөгжихгүй. Манай улс санхүүжилтдээ ач холбогдол өгч, анхаарал тавьж байгаа ч хүссэн хэмжээнд хүрээгүй л байна.

2015 онд дараах таван улсын ДНБ-д эзлэх судалгаа, шинжилгээний зардал хамгийн өндөр хувийг эзэлжээ.

Улсын нэр

1996 онд

2015 онд

Израил

2.60

4.27

Өмнөд Солонгос

2.24

4.23

Япон

2.69

3.28

Швед

 

3.26

Австри

1.59

3.07

-1500 хүнтэй шинжлэх ухааны том армийнхан судалга шинжилгээний гарт баригдах ямар ажил хийж байна вэ? 

-Эрдэмтдийн юу хийж байгааг маргааш нээлтээ хийх үзэсгэлэнгийн үеэр ирж танилцах боломжтой юм. Ганцхан жишээ хэлэхэд, Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн Дархан-144, Дархан-134  гэж ганд тэсвэртэй, богино хугацаанд ургадаг, уургийн агууламж өндөртэй улаан буудайн сорт  гарган авсан билээ. Хэдийгээр Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн энэ сортын улаан буудайн 200 тонн элит үр гарган авч, улсын хэрэгцээг хангаж байгаа ч  манай улсын нийт хэрэгцээт улаан буудайн  үрийн гуравны нэг нь тэр үрээр тариалж байгаа гэсэн барагцаа тооцоо бидэнд бий.  Тэгэхээр энэ бол манай шинжлэх ухааны том амжилт биз дээ.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхэн хавар, намартаа тариаланчдын зөвлөлгөөн хийдэг. Энэ зөвлөлгөөнөөр манай эрдэмтэн сулаачид тариаланчдад  хөрс боловсруулах, тариалах, хураах зэрэг бүхийл талын зөвлөлгөө өгдөг. Энэ чинь шинжлэх ухааны ажлын л үр дүнг ашиглаж байгаа хэлбэр шүү дээ.

Шинжлэх ухааны академиас шинжлэх ухааны ажлыг дэмждэг бага хэмжээний грант сонгон шалгаруулж өгдөг.  Энэ грантаар АШУҮИС-ийн багш нар цагаан хулгана дээр элэг шилжүүлэн суулгах мэс заслын туршилтыг анх хийж байсан юм билээ. Тэр үеэс үе шаттайгаар элэг шилжүүлэн суулгах туршилт хийж ажилласны дараа манай эмч нар гадаадын эмч нартай хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо нэвтрүүлсэн байх жишээтэй. Эрдэм шинжилгээний ажлын үр дүн урт хугацаандаа гарч, улс орны хөгжилд ингэж өгөөжөө өгдөг юм байна. 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн