Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2017.11.13 |
Манай орны эдийн засаг уул уурхайн салбар, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай байдгаас үүдэн төгрөгийн ханш хэлбэлзэх, тодорхой бус байдал бий болох үеүд цөөнгүй тохиолддог. Эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд эдийн засгийн төрөлжүүлэлт, төсөв, мөнгөний зохистой бодлогыг хэрэгжүүлэх нь чухал болохыг судлаачид, бодлого боловсруулагчид онцолдог билээ. Үүнийг харуулах бусад орнуудын туршлага ч хангалттай байдаг.
Гэхдээ эдийн засаг тогтвортой өсөлтөд хүрч, үр ашигтай байхын тулд эдгээрээс гадна зөв, саадгүй ажилладаг санхүүгийн зах зээлийн дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Монголбанк Төрөөс 2017 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ дотоодын валютын захын дэд бүтцийг хөгжүүлэх талаар тусгаж, энэ оны 4 дүгээр сард банк хоорондоо валютын арилжаа хийдэг цахим системийг нэвтрүүлсэн. Энэхүү цахим систем нь олон улсад валют арилжаа хийх жишиг болсон Блүмберг терминал дахь BMATCH системд суурилсан бөгөөд валютын арилжааны үйл ажиллагаанд үүсч болзошгүй үйл ажиллагааны эрсдэл, төлбөр тооцооны эрсдэлийг бууруулж, цаг хугацааны хувьд хурдан шуурхай арилжаа хийх боломжтой болсноороо давуу талтай.
Арилжааны үйл ажиллагаанд үүсч болзошгүй дээрх эрсдэлийг бууруулснаар банкууд хоорондоо илүү идэвхитэй валют арилжаа хийх болсон тухай Монголбанкнаас сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлж байна. Тус шинээр нэвтрүүлээд буй цахим талбар яг ямар дэвшлийг бий болгож байгаа талаар ярихын өмнө бусад улс орнуудын валютын зах, ханш яаж тогтдог талаар ерөнхий ойлголтыг авч үзье.
Олон улсын төлбөр тооцооны банкнаас хамгийн сүүлд мэдээлснээр форекс буюу валютын зах нь хэмжээгээрээ үнэт цаас, дериватив гэх мэт бусад санхүүгийн хэрэгслээс давсан, хамгийн том санхүүгийн зах зээл бөгөөд дэлхийн нэг өдрийн дундаж эргэлт 5.1 их наяд ам.долларт хүрээд байгаа юм.
Валютын зах нь биржийн, эсвэл биржийн бус хэлбэртэй байж болдог. Биржийн бус гэдэг нь арилжаа хийх сонирхолтой этгээдүүд хоорондоо холбогдон арилжаа хийдэг төвлөрсөн бус зах зээл юм.
Харин биржийн гэдэг нь арилжаа хийх этгээдүүд нэг дор цугларч, тодорхой цагийн хуваарийн хүрээнд урьдчилан тогтоосон дүрмийн дагуу хоорондоо арилжаа хийхийг хэлнэ. Бирж дээр бүх худалдах болон худалдан авах захиалгууд нэг дор бүртгэгдэж, арилжаа хийгдэх явцад тухайн бүтээгдэхүүний ханш тогтдог. Сүүлийн хорин жилд интернет, техник технологийн хөгжил хүчтэй явагдаж, бирж нь биет хэлбэрээс биет бус цахим хэлбэрт хурдацтай шилжих болсон.
Монголбанкнаас нэвтрүүлсэн банк хоорондын валют арилжааны цахим талбар нь арилжааны банкууд нэг цахим орчинд төвлөрөн, хоорондоо валют арилжаа хийдэг биет бус арилжааны систем юм.
Валютын захад оролцогчид ерөнхийдөө 2 зорилгоор валют арилжаа хийдэг.Нэгдүгээрт, гадаад төлбөр тооцоо хийх, хоёрдугаарт валютын ханшийн зөрүүнээс ашиг олох. Тухайлбал, гадаадад аялах, эсвэл гадаадаас импортолсон барааныхаа төлбөрийг төлөхийн тулд валютын захаас валют худалдан авах нь гадаад төлбөр тооцоо хийх зорилготой арилжаа юм. Харин шууд төлбөр тооцоонд ашиглагдахгүй ч ирээдүйд төгрөгийн ханш өөрчлөгдөнө гэсэн хүлээлттэйгээр гадаад валютын арилжаа хийвэл энэ нь ханшийн зөрүүнээс ашиг олох зорилготой арилжаа юм.
Валютын ханш бол нэг улсын валютыг худалдан авахын тулд нөгөө улсын валютыг оронд нь өгч буй үнэ юм. Иймд валютын ханш нь бусад бараа бүтээгдэхүүний адил эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээс шалтгаалан тогтоно гэсэн үг юм.
Валютын эрэлт, нийлүүлэлтэд гадаад төлбөр тооцооны бодит хэрэгцээнээс гадна ханшийн талаар спекулятив шинжтэй хүлээлт нөлөөлдөг. Спекулятив шинжтэй хүлээлтэд мэдээж бодит валютын урсгал, улс орнуудын макро эдийн засгийн бодлого нөлөөлөхөөс гадна арилжаа хийж буй хүний зан чанар, сэтгэл санааны хүчин зүйлс хүртэл нөлөөлдөг. Товчхондоо, валютын ханш нь эдгээр үзүүлэлтүүд, валютын захад оролцогчдын хүлээлтүүдийг өөртөө шингээсэн мэдээлэл гэж хэлж болно.
Валют арилжааны цахим талбартай болсноор яг юу өөрчлөгдөж байна вэ?
Дээр дурдсанчлан, ханш нь өөрөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд, түүнтэй холбоотой валютын захад оролцогчдын хүлээлтийг шингээсэн мэдээлэл тул валютын захад оролцогч нь одоогийн ханшийн түвшнийг мэдээлэл болгон ашиглаж, өөрийнхөө валют худалдан авах, худалдах үнэ, хэмжээгээ тогтоодог.
Үүнээс гадна манайд саяхныг хүртэл “одоогийн валютын ханш”-ийг тодорхойлоход нилээн төвөгтэй байсан гэж болно. Иргэд, компаниуд, банкууд одоо ханш хэдтэй байна вэ? гэдгийг бусад банкуудын самбарын ханшийг харах, эсвэл утсаар ярьж асуух, тэгээд тэдгээр ханшийг хооронд нь харьцуулж байгаад тодорхойлдог байсан.
Харин банк хоорондын цахим талбар бий болсноор бүх банкуудын арилжааны саналууд нэг дор цугларч, нэг л “одоогийн валютын ханш”, бүгдэд нээлттэй, илүү бодитой байдлаар тодорхойлогдох болсон. Илүү бодитой гэдгийн цаана банк хоорондын захын идэвхи нэмэгдсэн гэсэн утга санаа агуулагдаж байгаа. Арилжааны идэвхи нэмэгдэх нь сайн. Ингэснээр захад зөв ханш тогтоно. Учир нь, арилжаа идэвхитэй явагдах тусам ханш нь бодит мэдээллийг өөртөө шингээсэн, оролцогчид ч энэ талаар зөв мэдээлэл, хүлээлттэй болно гэсэн үг юм.
Банк хоорондын захын арилжаа жинхэнэ утгаараа бөөний зах болон хөгжсөн улс орнуудад харилцагчтай хийх арилжааны ханш нь банк хоорондын буюу бөөний захын ханшинд суурилан тогтдог. Монголбанкнаас тус цахим талбарт банкуудын арилжаа хийхэд бэлэн байгаа ханшуудыг вебсайтаараа дамжуулан зарлаж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн аль нэг банкны бус, банк хоорондын зах зээлийн бодит ханшийн мэдээллийг банкнаас бусад иргэд, компаниуд ч авах боломжтой болж байгаа юм.
Иргэд, компаниуд ханшийн зөв мэдээллийг шуурхай авах боломжтой болсноор илүү бодитой хүлээлтэд суурилсан шийдвэр гаргах, илүү үр ашигтай валютын арилжаа хийх боломжтой болж байгаа юм.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |