Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2017.08.31 |
Засгийн газрын бондын арилжаа энэ жил урьд өмнө нь байгаагүй их хэмжээтэйгээр идэвхтэй хийгдлээ. Үүнээс онцолбол Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ 60 тэрбум төгрөгт хүрсэн нь мөн л түүхэн дэх хамгийн өндөр дүн. Түүнчлэн манай зах зээл дээр гарч байсан компанийн бондуудаас хамгийн өндөр дүнтэй“Сүү” ХК-ийн 6 тэрбум төгрөгийн бонд гарсан. Тус бондын захиалга нэг өдрийн дотор 900 сая төгрөгөөр давж биелсэн.
Нэг өдрийн дотор тийм хэмжээний мөнгө татан төвлөрүүлнэ гэдэг иргэд энэ зах зээлийг сонирхож байгаагийн илрэл юм. Хөрөнгийн зах зээл хөгжих, сэргэх хандлага ажиглагдаж байна” хэмээн Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй сэдэв юм.
Х.Алтай захирал үүний учир шалтгааныг "Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хөрөнгийн зах зээл идэвхжиж байна. Улсын эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байгаа нь хөрөнгийн зах зээлд сайнаар нөлөөлж байна" хэмээн тайлбарлалаа.
Тоо баримтаас харвал оны эхний хагасын байдлаар Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны хэмжээ 512.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 413.7 тэрбум төгрөгөөр илүү байна. Энэ эрчээрээ үргэлжилбэл нийт арилжааны хэмжээ өмнөх оныхоос ГУРАВ ДАХИН ӨНДӨР гарах нь...
График 1: Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны дүн /2017 оны эхний хагас/
Үүнээс гадна Х.Алтайгийн хэлсэнчлэн Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааны хэмжээ 60.1 тэрбум төгрөгт хүрсэн нь анхаарал татаж байна.
Өмнө нь Засгийн газрын бондыг арилжааны банкууд л авах боломжтой байсан бол иргэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан авдаг болсноор банкнаас гадна баталгаатай, өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг боломж хэмээн харж байгааг нотолно.
График 2: ЗГҮЦ-ны арилжааны дүн /2017 оны эхний хагас/
Энэ сэргэлтийн учир шалтгааныг өмнө нь Монголын Хөрөнгийн Биржийн захирлаар ажиллаж байсан, өдгөө энэ салбарт хувийн бизнесээ амжилттай хийж буй эдийн засагч, “Новел Инвестмент” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ангар “Хөрөнгийн зах зээл төрийн дэмжлэгтэй дэмжлэггүй хөгжих цаг нь болчихлоо. Анхнаасаа гажуудалтай үүссэн Монголын санхүүгийн систем ийнхүү өөрчлөгдөхөөс өөр замгүй...” хэмээн тодорхойлсон юм.
Тухайлбал энэ жил “Сүү” ХК-ийн 6 тэрбум төгрөгийн бондоос гадна Монголын Санхүүгийн Биржийн зохион байгуулснаар “Номадс Хоспиталити” ХХК нэг тэрбум төгрөг, “Орчлон Констракшн” 600 сая төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс босгож чаджээ.
Компаниудын санхүүжилтийн талаар Д.Ангар “Компаниуд банкнаас зээл авах бус олон нийтийн санхүүжилтийг сонирхож эхэллээ.
Энэ нь зах зээлийн зарчим хэрэгжиж байгааг л харуулж байна. Бонд гэдэг үгийн цаана мөнгөтэй хүн, мөнгө шаардлагатай компани хоёр шууд холбогдох тухай л ойлголт бий.
Сүүлийн 20 жил явсан манай банкны систем бизнесээ дэмждэг, томруулдаг систем байгаагүй. Харин өндөр хүүгээр аж ахуйн нэгжийнхээ ашиг орлогыг сорж авдаг систем байсан.
"Бонд гэдэг үгийн цаана мөнгөтэй хүн, мөнгө шаардлагатай компани хоёр шууд холбогдох тухай л ойлголт бий" Д.Ангар
Санхүүжилтийн зөв зам, зөв систем гэдэг нь ерөөсөө л энэ олон нийтийн санхүүжилт гэдэг зүйл. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Ногоогоор ярьвал үр нь хөрснөөсөө цухуйж байгаатай л ижил юм” гэв.
Монголд санхүүжилтийн өртөг ийм өндөр байгаа нь санхүүгийн системийн гажуудал гэдэгтэй маргах эдийн засагч гарахгүй биз. Тиймдээ ч компаниуд өртөг багатай санхүүжилтийг эрэн хайж эхэллээ.
Харин иргэдийн хувьд илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг хайж байна. Үүнийг Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаанаас гадна хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны дүн харуулж байна. Доорх графикаас хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны дүн энэ онд хэрхэн өссөнийг харна уу.
График 3: Монголын Хөрөнгийн Биржийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа /2017 оны эхний хагас/
"Засгийн газрын бонд, компанийн бонд, хувьцаа зэрэг банкны хадгаламжийн хүүтэй өрсөлдөхүйц өгөөжтэй шинэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг иргэд их сонирхож байна. Үүнийгээ дагаад хүмүүсийн санхүүгийн боловсрол тодорхой хэмжээгээр дээшилж байна" хэмээн Х.Алтай захирал ярив.
Хөрөнгийн зах зээлээр дамжуулж л нийгэм дэх баялгийг тэгш хуваарилах боломжтой. Компаниуд хэдий өндөр ашигтай ажилласан ч иргэд бухимдалтай байгаагийн гол шалтгаан нь баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байгаатай холбоотой юм. Тиймээс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж шударга ёсыг тогтооно гэж Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаярын хэлснийг сануулах нь зүйтэй.
Нэгэнт хөрөнгийн зах зээл санхүүгийн системээ сайжруулах зөв гарц юм бол энэ салбарт ямар дэмжлэг хэрэгтэй байгааг салбарын оролцогчдоос асуулаа. Тэд ийнхүү хариулав.
Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Хэдийгээр зах зээл сэргэж, эдийн засагт өөрчлөлт гарч байгаа ч гэсэн манай хөрөнгийн зах зээлд гадны томоохон хөрөнгө оруулагчдыг татсанаар илүү их боломжуудыг нээнэ. Тэгэхийн тулд бид төлбөр тооцооны горимоо олон улсын стандартын болгож, гадны томоохон индексийг нэвтрүүлэх болон давхар бүртгэлтэй хувьцаа гаргах (dual-listing) Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) зохицуулалт гарах шаардлагатай байна.
Энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа ч нэг зүйлийг онцолмоор байна. Хөрөнгийн зах зээл гэхээр ганцхан Хөрөнгийн бирж гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл хөрөнгийн зах зээл дэх төлбөр тооцоог гэхэд л Арилжааны төлбөр тооцоо ТӨХХК гээд тусдаа байгууллага хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн үнэт цаасны хадгаламжийн байгууллага, үнэт цаасны компани зэрэг олон байгууллагууд байдаг. Эдгээрийн уяалдаа холбоо маш чухал. Манай жижигхэн зах зээлд ийм нүсэр бүтэцтэй олон байгууллага байх шаардлагагүй. Өнөөдөр анзаарагдаж буй эерэг өөрчлөлтүүд бол мөсөн уулын орой буюу дөнгөж эхлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Цаашид бүтцээ цомхон болгож, дээр дурдсан ажлуудыг хийх шаардлагатай” гэсэн юм.
"Энэ зах зээлд төрөөс мөнгө гаргах биш бодлогоор л дэмжих хэрэгтэй. Манай төр засаг Банкны салбар, Хөдөө аж ахуйн салбарыг хэдэн жил бодлогоор дэмжиж байгаа билээ. Яг түүн шиг дэмжих хэрэгтэй.
Бидэнд эхлээд татварын таатай орчин хэрэгтэй байна. Тухайлбал хувьцааны ханшийн зөрүүний татварыг бусад орны жишгээр тэглэх, ногдол ашгийн татварыг тэглэх, Засгийн газар бондын хүүгийн орлогоо татвараас чөлөөлчихсөн байгаа хэрнээ компаниудын бондын хүүгийн орлогыг чөлөөлөөгүй учраас чөлөөлөх хэрэгтэй байна” гэж Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр онцолсон юм.
Зах зээлийн харилцаа өөрөө өөрийгөө зохицуулдаг. Тэр ч утгаараа хөрөнгийн зах зээлийн харилцааг иргэд, компаниуд ийнхүү сонирхож эхэллээ. Монголын нийгмийн гол асуудал болоод буй шударга бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалтыг зохицуулж чадах салбар нь өөрөө хөрөнгийн зах зээл юм.
Нийгэм, эдийн засгийн хүлээлт хөрөнгийн зах зээл рүү нэгэнт чиглэсэн энэ цагт Төрийн мэргэн хараа ч дутахгүй байх гэж найднам.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |